Үйл явдал

Малайз улс дэлхийн хогийн цэг болохыг хүсэхгүй байна. Энэ талаар Малайзын байгаль орчны сайд Йео Би Инь мэдэгдэж, улс оронд нь хууль бусаар хуванцар хог хаягдал их хэмжээгээр оруулж, гаднаас хог хаягдлаа устгалд оруулахаар илгээж байгааг эсэргүүцжээ. 

Малайзын байгаль орчны сайд ийнхүү мэдэгдэж, гаднаас ирүүлсэн хог хаягдлыг эргээд илгээгчийн хаягаар буцаах болно гэжээ. Малайзын засгийн газар ирэх сараас улс орондоо шинэ хууль журам мөрдөж, улсынх нь нутаг дэвсгэр лүү хууль бусаар хог хаягдал илгээхийг хориглох болно гэдгээ мэдэгдэж, Малайз улс дахин дэлхийн хогийн сав байхыг хүсэхгүй байгаагаа хатуухан илэрхийлсэн байна. Малайзын эрх баригчид даваа гарагт 150 контейнер хог хаягдлыг ирүүлсэн хаягаар нь буцаажээ. 150 контейнер буюу ойролцоогоор 4 мянган тонн хуванцар хог хаягдлыг Малайзын тал Их Британи, Испани, Франц, Америк, Канад зэрэг 13 улс орон луу буцаасан байна. Түүнчлэн дараагийн ээлжинд 110 контейнер хог хаягдлыг, эдгээрээс 60 нь зөвхөн Америкаас ирүүлсэн хуванцар хог хаягдлыг буцаахаар төлөвлөжээ. Малайз улс өмнө нь гаднаас хууль бусаар ирүүлсэн 450 тонн хуванцар хог хаягдлыг 2018 оны 5-р сард буцааж байжээ. Хятад улс импортоор хүлээн авч устгалд оруулж байсан хог хаягдлын стандартаа чангатгасны дараагаар Зүүн Өмнөд Азийн улс орнуудыг чиглэсэн хог хаягдлын импорт нэмэгдсэн юм. Гэсэн ч Малайз, Филиппин, Индонези зэрэг орнууд сүүлийн үед хил гаалийн шалгалтаа нэмэгдүүлж, гаднаас нийлүүлж байгаад хог хаягдлын асуудалд хяналтаа чангатгаад байна. Сүүлийн хагас жилийн хугацаанд Малайз улс хог хаягдал шатаах 150 хууль бус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон хаасан байна.