Төв Африкийн БНУ-ын их дээд сургуулиудад орос хэлний хичээлийг заавал заахаар тогтжээ

Үйл явдал

Төв Африкийн БНУ-д ирэх 2022 оноос эхлэн их дээд сургуулиудад орос хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрт зайлшгүй багтаахаар тогтжээ. Энэ талаарх шийдвэрийг Төв Африкийн БНУ-ын ерөнхийлөгч Фостен-Арханж-Туадер ОХУ болон Төв Африкийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд гаргажээ. 

Төв Африкийн их дээд сургуулиудад 2019 оноос эхлэн орос хэл франц, испани, хятад хэлний хамт заавал судлах гадаад хэлний хичээлийн тоонд сонголтоор судлахаар багтжээ. Тэгвэл энэ улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр улсынх нь их дээд сургуульд орос хэлийг испани хэлний оронд хичээлийн хөтөлбөрт багтаахаар болжээ.

Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу их дээд сургуулиудад орос хэл заах хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн байна. Ирэх оны 1-р сард Төв Африкийн БНУ-ын боловсролын сайд Москва хотод айлчилж, Оросын хамтрагчтайгаа орос хэлний сургалтын хөтөлбөр, боловсон хүчин бэлтгэх асуудлаар тусгайлан хэлэлцэхээр болжээ.