Үйл явдал

Нидерландын Гаага дахь олон улсын эрүүгийн давж заалдах шатны шүүх ОХУ-ын нефтийн Юкос компанитай холбоотой хэргийн дагуу ОХУ-ыг 50 тэрбум еврогийн нөхөн төлбөр төлөхийг шаардсан шийдвэр гаргажээ. Энэ нь олон улсын арбитрын шүүхээс хамгийн өндөр нөхөн төлбөр тогтоосон анхны тохиолдол болсон байна. 

Гаагийн давж заалдах шатны шүүх ОХУ-ыг 2000-аад оны эхээр Юкос компанийн үйл ажиллагааг зогсоох, дампууруулах зорилгоор төрийн эрх мэдлийг ашиглан хэт дайрч, Юкосын тэргүүн Михаил Ходорковскийг улс төрөөс хөндийрүүлэхийн тулд тусгайлан онилсон бодлого баримталж байсанд буруутай гэж үзсэн байна. Татвараас санаатай зайлсхийсэн, төрийн мөнгийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан, мөн авилга хээл хахуулийн хэргээр Оросод 10 жил өргөст торны цаана суусан ЮКОС-ын тэргүүн Михаил Ходорковский Гаагийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэгвэл ОХУ, ЮКОС компанийн хувьцаа эзэмшигчдийг урьдын адил авилга хээл хахуульд холбоотой, шударга бус хөрөнгө оруулагчид гэж үзсээр байгаа юм. ЮКОС-ын хувьцаа эзэмшигчид өөрсдийгөө улс төрийн золиос болсон гэж үзэн, одоогоос 15 жилийн өмнө Гаагийн арбитрын шүүхэд гомдол мэдүүлэн, ОХУ-аас 100 тэрбум еврогийн нөхөн төлбөр төлөхийг шаарджээ. Энэ дагуу 2014 онд Гаагийн шүүх ОХУ-ыг 50 тэрбум еврогийн нөхөн олговор төлөх шийдвэр гаргасан ч Оросын эрх баригчид нэг бус удаа шийдвэрийг давж заалдсан байна. Гэвч эцсийн дүнд Гаагийн арбитрын шүүх өмнөх шийдвэрээ хүчинтэй хэвээр үлдээсэн байна.