Үйл явдал

Грекийн нийслэл Афин хотод энэ улсын иргэд төр засгаас явуулахаар зэхэж байгаа тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаал цуглаан хийжээ. Грек орон эдийн засгийн хямрал, санхүүгийн хүнд байдлаа гэтлэн давсны дараагаар тэтгэврийн шинэчлэлд анх удаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг бууруулна гэсэн үг хэллэг, зүйл заалт ороогүй ч иргэд нь тэтгэврийн хэмжээг хямралын өмнөх үед эргүүлэн аваачихыг шаардаж байгаа юм.

Грекийн үйлдвэрчний холбоод иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг улс орноо эдийн засгийн хямралд өртөхөөс өмнөх үед буцаан аваахыг шаардаж байна. Тэгвэл Грекийн тэтгэврийн хуулинд нэмэхээр төлөвлөж байгаа зүйл заалтын дотор олон жилийн хөдөлмөрийг хөлсийг тооцож, тэтгэврийн урамшуулал олгохоор заажээ. Энэ заалтыг иргэд эсэргүүцэж, тэтгэвэрт гарах насыг нэмж, олон жилийн хөдөлмөр эрхэлснээр боловсон хүчин аль ч салбарт хөгширч, нас дээр гарсан хүмүүсийн хөдөлмөрийн чадвар суларна, буурна гэж үзэж байгаа юм. Грекийн засгийн газар тэтгэврийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар энэ баасан гарагт санал хураалт явуулахаар төлөвлөж байна. Тэгвэл энэ хооронд тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн мягмар гарагт Афин хотод нийтийн тээвэр зогсчээ. Грекийн төсвийн байгууллагын нийгэмлэг 1 хоногийн ажил хаялт зарлажээ. Түүнчлэн зөвхөн нийтийн тээвэр төдийгүй Пирей, Рафина болон Лаврионд далайн боомтууд дээр зорчигч тээврийн гатлагат онгоцнууд зогссон байна.