Үйл явдал

Эх газрын Хятадаас гадна Хонконгод COVID-19-ийн тохиолдол 104-т, Макаод 10 болж, Тайваньд 42 иргэнд халдварын шинж тэмдэг илэрсэн. Хонконгод 2 хүн нас барж, 43 хүн эдгэрсэн талаар мэдээлж байна. 

Тэгвэл энэ хооронд COVID-19-ийн голомт болох Хятадын Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн Хонконгийн иргэдийг гэрт нь авчирчээ.

Хятадын Ухань хотоос Хонконгод 100 иргэнээ тусгай үүргийн онгоцоор нүүлгэн шилжүүлэлт хийн авчирсан байна. Түүнчлэн энэ өдөр 100 зорчигчтой бас нэгэн онгоц Уханиас Хонконгийг зорин иржээ. Хятадын Хубэй мужаас нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан Хонконгийн нийтдээ 260 иргэнийг буцаан авчирсан байна. Тэдний дотор 14 жирэмсэн эмэгтэй, мөн эрүүл мэндийн яаралтай тусламж шаардлагатай 10 хүн байгаа юм. 

Хонконгод эргүүлэн авчирсан иргэдийг Фо Тан дахь төвд тусгай автобусаар хүргэн, 14 хоногийн хугацаатайгаар карантин, хөл хорионд авч байна. Хонконгийн засаг захиргаа коронавирусын анхдагч голомт болох Хубэй мужийн Ухань хотоос иргэдээ ийнхүү нүүлгэн шилжүүлж байгаа ч 2 мянган хүн Хубэйд урьдын адил байсаар байна.