Үйл явдал

ДЭМБ, COVID-19 шинэ коронавирусын халдвар эрүүл мэндийн салбар нь тааруу системтэй улс оронд илүүтэй хурдацтай тархаж байгаа талаар мэдээлж байна. Дэлхийн улс орнууд COVID-19-ийн халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдвар тархсан бол халдварыг гааруулахгүйн тулд боломжтой бүх алхмаа хийж байгаа ч эрүүл мэндийн салбар нь төдийлөн ажиллахгүй бол халдвар хурдацтай тархах бас нэгэн нөхцөл болж байгааг тэмдэглэж байна.

Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус ээлжит шуурхай хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ: -Өнөөдөр COVID-19 коронавирусын эсрэг улс орнууд идэвхтэй тэмцэж, тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ зарим улс орнууд COVID-19 вирусын халдварт өвчний аюул гамшгийг төдийлөн ухаарахгүй, эсвэл үл тоож байгаа явдал ажиглагдаж байна. Хэдийгээр өнөөдөр бид COVID-19 коронавирусын халдвартай холбоотойгоор цар тахлын хэмжээнд аюулын түгшүүр зарлаагүй байгаа ч улс орнууд энэ өвчнийг үл тоож болохгүй гэдгийг дахин сануулмаар байна. COVID-19 коронавирус нь хил хязгаар гэж мэдэхгүй, ямар ч улс оронд хэзээ ч нэвтэрч болзошгүй гэдгийг санах хэрэгтэй гэжээ. ДЭМБ-ын тэргүүн ийнхүү мэдэгдэхдээ эрүүл мэндийн салбар нь сул улс орнуудад коронавирус хоромхон зуурт дэгдэж, магадгүй хэрвээ COVID-19 дэгдсэн бол богино хугацаанд газар авч болзошгүй гэдгийг анхааруулсан байна.