Үйл явдал

Иран улс COVID-19 коронавирусын тархалт өндөр байгаагаас шалтгаалан улсынхаа хэд хэдэн томоохон хотуудад хөл хорио тогтоож, мөн хот хоорондын зорчих урсгалд хязгаарлалт хийжээ. Түүнчлэн иргэдээ халдвараас сэргийлэхийн тулд бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзахад уриалсан байна. 

Энэ талаар Ираны эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Ираны эрүүл мэндийн сайд Саид Намаки-гийн мэдээлж байгаагаар энэ улсад COVID-19 коронавирусын тохиолдол 3,513-д хүрч, 107 хүн нас барсан байна. Халдварт өвчний дэгдэлт өндөр байгаагаас Ираны бүх шатны сургууль Наурызийн баяр буюу 3-р сарын 20 хүртэл ажиллахгүй гэнэ. Түүнчлэн Ираны иргэдийг онцын шаардлагагүй бол бусадтай шууд харилцахгүй байхыг зөвлөж, шатахуун түгээх станцууд дээр жолооч нар машинаасаа гаралгүйгээр үйлчлүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байна.