Үйл явдал

Өчигдөр буюу баасан гарагт Пакистан улсын Карачи хотод 107 зорчигч тээвэрлэж явсан онгоц байшингийн дээрээс нурж унан олон иргэд амь насаа алдсан тухай дэлхийн хэвлэлүүд шуугиад байна. Пакистаны үндэсний агаарын тээврийн PK 8303 нислэг нь 99 зорчигч, нисэх багийн 8 гишүүн тээвэрлэж байжээ.

Онгоцны нисгэгчийн мэдээлснээр, осолд орсон онгоц нь газардахад бэлэн болоод байсан байна. Харамсалтай нь техникийн алдаа гарсны улмаас зүүн зүгийн Лахор хотоос Карачи хотыг зүглэж явсан онгоц газардаж чадалгүй шууд доошоо унасан байна. Хэрэг гарсан газрын дүрс бичлэгээс харахад нэлээдгүй олон байшин барилгын эгц дээрээс нь унасан байгаа юм. Тодруулбал эх сурвалжийн мэдээлж байгаагаар, орон сууцны хороолол дунд унаж, онгоцонд зорчиж байсан иргэдээс гадна онгоц унасан газарт олон иргэний амь үрэгджээ. Одоогийн байдлаар онгоц гэнэт доошоо унасан техникийн алдааны тодорхой шалтгааныг олж илрүүлээгүй байгаа юм байна. Гэхдээ иргэний агаарын тээврийн ажилтан Reuters сайтад "Онгоцны дугуй нь гарч ирээгүй байж магадгүй" гэсэн байна. Учир нь сошиалд тавигдсан зургуудаас харахад хоёр хөдөлгүүрийн доор шатсан мэт мөр үлдсэн байсан нь дугуй гарч ирээгүй байх гэх таамаг төрүүлжээ. Хамгийн сүүлийн шинэчилсэн мэдээгээр ослын улмаас 92 иргэн амь насаа алдсан байна. Бусад бэртэж гэмтсэн иргэд эмнэлэгт хүргэгдсэн. Эрх баригчдын мэдээлснээр энэ тоо цаашдаа нэмэгдэж болохыг анхааруулжээ.