ЦУОШГ: 3, 4, 5-р саруудад хур тунадас бага, хуурайшилт их байх төлөвтэй байна

Нийгэм

Жилийн жилд хаврын хуурайшилт 3-р сарын сүүл үеэс эхэлдэг бол энэ онд хуурайшилтаас үүдэлтэй хээрийн түймэр 2-р сарын дундаас бүртгэгдэж эхэлжээ. Өчигдөр уржигдар Булган, Сүхбаатар аймгуудад хээрийн түймэр гарч нийт 40 гаруй га талбай шатжээ. Мөн нийслэлд өнжмөл шар өвс шатааж гал алдсан дуудлага нэмэгдэж эхэлсэн байна. Энэ жилийн тухайд олон жилийн дунджаас хур тунадас бага, хуурайшилт их байх төлөвтэй байгаа тул иргэд олон нийт гал түймрээс сэргийлэхийг албаны хүн санууллаа. 

 

Он гарснаас хойш зургаан удаагийн хээрийн түймэрт 10 мянга гаруй га талбай шатсан байна.

Энэ сарын 7-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсан бол өчигдөр буюу наймны өдөр Сүхбаатар аймагт томоохон хэмжээний түймэр гарчээ. Дээрх түймрүүдийн улмаас нийт 40 гаруй га талбай шатсан бол он гарснаас хойш буюу 2-р сарын сүүл үеэс нийт зургаан удаагийн хээрийн түймэрт 10 мянга гаруй га талбай шатсан байна. Дийлэнх түймрийн шалтгаан иргэдийн буруутай үйлдлээс байдгийг албаны хүн онцоллоо.

Өнгөрсөн 7,8-ны өдрүүдэд Булган, Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч 40 гаруй га талбай шатжээ 

Үүнээс гадна хаврын хуурайшилттай зэрэгцээд нийслэлийн иргэд хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааснаас үүдэн автомашин, хашаа байшин, айлын эд зүйлд эрсдэл учруулсан дуудлага нэмэгдэж эхэлжээ.

Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад хуурайшилт их байх төлөвтэйг цаг уурын байгууллагаас анхааруулсан байна. Тиймээс иргэд олон нийт гал түймрийн эрсдэлээс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Онцгой байдлын газраас иргэдийг асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал цог нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий саванд хийх, гэр сууж, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн эрсдэл өндөр үед ой хээрт чүдэнз асаагууртай явуулахгүй байх, хээрийн бүсэд оршин суудаг иргэд гал унтраах хэрэгслийг бэлтгэж эхлэхийг зөвлөлөө.