ОХУ-ын тал Украинтай хийж байгаа яриа хэлэлцээрт ахиц гарч байгаа гэж үзэж байна

Улс төр

Орос-Украины хооронд бараг өдөр тутамд ямар нэгэн байдлаар үүссэн нөхцөл байдлын талаар гэрээ хэлцлүүд, зөвшилцлүүд явагдсаар байгаа. Үүнд зарим нэг ахиц дэвшил гарч, ажиглагдаж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Путин энэ талаар баасан гарагт Беларусийн хамтрагч Александр Лукашенкотой уулзах үеэрээ мэдэгджээ. Путин дээрх мэдэгдлийг хийх үеэрээ чухам ямар ахиц дэвшил гарсан, ажиглагдаж байгаа талаар тодорхой хэлээгүй байна. Түүний тэмдэглэн хэлснээр Украины талтай уулзалт хэлэлцээ явуулж байгаа албаны төлөөлөгчид өдөр бүрт мэдээлэл өгч, Киевтэй тодорхой асуудлаар зөвшилцөлд бага багаар хүрч байгаа гэнэ. Беларусийн ерөнхийлөгч Лукашенко уулзалтын үеэр: -Москва, Минскийн талууд Украин дахь дайн тулааныг өрнүүлээгүй гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа. Бүх зүйлд учир шалтгаан байдаг. Өнөөдөр хэт нэг талыг баримтлалгүйгээр асуудлын, хямралын гол нь юунд байсныг сайтар бодож тунгаах нь зүйтэй гэжээ. Версальд болсон ЕХ-ны дээд уулзалтын үеэр Европын тэргүүлэгчид Беларусийн талыг Оросын Украины эсрэг явуулж байгаа дайн тулааны хамтрагч гэж тооцон, Минскийн эсрэг мөн хориг арга хэмжээ авч, дарамт шахалтаа чангатгана гэдгээ мэдэгдсэн юм. Беларусийн тал Украин дахь цэргийн ажиллагаанд оролцохгүй байгаа ч нутаг дэвсгэрээ Оросын талд ашиглуулж байгаа учраас Украины эсрэг дайн тулааны хамтрагч гэж тооцож байгаагаа Европын орнууд илэрхийлжээ.