Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж шуурна, өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай!!!

Цаг агаар

 Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 03 сарын 13-ны 20 цагаас 03 сарын 14-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17  градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Их нууруудын хотгор, цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

2022 оны 03 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 19-нийг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Дэлгэрэнгүйг: http://alarm.tsag-agaar.gov.mn/