ШОЙГУ: Украины талд зэр зэвсгийн тусламж, хангамж үзүүлснээр Европын аюулгүй байдлыг эвдэж болзошгүй

Улс төр

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны талаар 3-р сарын 11-нээс хойш дахин мэдээлэл өглөө. 

Сергей Шойгу ийнхүү мэдээлэл өгөхдөө Оросын цэрэг армийнхан Украинд эхлүүлсэн цэргийн өргөн хүрээний ажиллагааны гол зорилгодоо хүрэхэд ойртож байгааг тэмдэглэсэн байна. 

Шойгу: -Оросын цэрэг арми Украины нутаг дэвсгэрт эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагааныхаа гол зорилгыг биелүүлж, Украины цэргийн объект, байгууламж, сүр хүчийг тодорхой хэмжээнд дарж, хүчгүйдүүлсэн. Тиймээс одоо Украины эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагааны гол зорилго болох Донбассыг чөлөөлж, аюулгүй тогтвортой байдал тогтоох үндсэн зорилгодоо хүрэх болно гэдгийг дахин батлан мэдэгдсэн байна. Шойгу мэдэгдэлдээ Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи 34 дэх хоногийн дараах нөхцөл байдлын талаар мөн танилцуулж, эхний шатны цэргийн ажиллагаан зорилго чиглэл биелсэн талаар онцолжээ.

Тиймээс одоо Донбассыг Украины цэргийн хүчнээс бүрэн чөлөөлөх ажиллагааг шуурхайлах болно гэдгийг ч тэмдэглэсэн байна. Ийнхүү мэдэгдэхдээ Оросын Батлан хамгаалахын сайд Барууны улс орнууд Украиныг зэр зэвсгээр хангаж, цэргийн тусламж дэмжлэг үзүүлснээрээ цэрэг дайны хямрал сунжрахад хүргэж болзошгүй гэдгийг анхааруулж, Оросын тал Донбассыг чөлөөлсөн тохиолдолд зорилгоо биелүүлсэнд тооцон Украинаас цэргийн хүчнээ гаргах болно. Харин Барууны орнууд Украины цэрэг армид зэр зэвсэг нийлүүлснээр цаашлаад хямралыг гааруулаад зогсохгүй Европын аюулгүй байдлыг ч эрсдэлд оруулах алхам хийж байгаагаа ойлгох нь зүйтэй гэжээ.