Үйл явдал

Дэлхийн улс орнууд хөл хорио онц байдлын дэглэмээс шалтгаалан алдагдалд орж байгаа эдийн засгаа сэргээхээр дор бүрнээ хичээн ажиллаж байна. Шри Ланка Улсын үндэсний агаарын тээврээс эдийн засгаа уналтад орохоос сэргийлэн зорчигчдын онгоцуудаа ачаа тээш зөөвөрлөх тал дээр түлхүү ашиглан, үйл ажиллагаагаа хэвийн байлгахаар хичээж байгаа юм байна.

Коронавируст цар тахлын улмаас дэлхийн бараг бүх орон олон улсын хилээ хаасан байгаа. Энэ үед агаарын тээврийн компаниуд хамгийн их хямралд өртөж байгаа салбаруудын нэг болж байна. Харин Шри Ланка Улсын зүгээс өөрсдийн болон улсынхаа эдийн засаг, экспортын хөгжилд зориулан зорчигч тээвэрлэх онгоцыг ачаа тээвэрлэх байдлаар ашиглахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Ази, Европын чиглэлд A330 онгоц ашиглахаар болсон байна. Шри Ланка Улсын иргэний нисэхийн албанаас энэ ажлыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн сертификат гардуулсан байна.

А330 онгоц нь дээд хэсэгтээ 60 мянган кг ачаа тээвэрлэн, тавцандаа 170 мянган кг, доод хэсэгтээ 110 мянган кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Шри Ланка Улсын агаарын тээвэр одоогоор 20 орчим газартай харилцан ачаа тээвэрлэх гэрээтэй ажиллаж байна. Үүнд Европ, Дундад Ази, Австрали, Энэтхэг багтаж байна.