Үйл явдал

Гурван сар орчим хөл хорио онц байдлын дэглэмтэй байсан Египет Улс хөл хориогоо цуцлан ресторан, сүм зэрэг зарим газрын үйл ажиллагааг эргэн нээж байна. 100 сая хүн амтай энэ улсад коронавируст халдварын тархалт хүнд байсан.  Ялангуяа улсын Ойрх Дорнодын хэсгээр нөхцөл байдал илүү хүнд байсан юм. 

Харин одоо эрх баригчдын зүгээс халдварын оргил үеэ давсан учраас нийслэл Каирт үйлчилгээний газруудыг нээж эхэлж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хоолны газрууд цөөн суудалтай байхаас гадна аюулгүй байдал, вирусээс хамгаалах нарийн дүрэм журам баримтална. Гэхдээ коронавируст халдварын батлагдсан тохиолдлоос харахад нөхцөл байдал сайжирсан гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Өнөөдрийн байдлаар 65 мянган халдварын тохиолдол батлагдсаны 17 мянга гаруй нь эдгэрэн 44 мянга орчим иргэн эмчилгээнд байна. Түүнчлэн энэ улсын аялал жуулчлалын салбар эдийн засгийн хамгийн их хувийг бүрдүүлдэг. Тиймээс Египетийн Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг 7-р сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ.