Үйл явдал

Урт хугацаанд дотооддоо халдварын тохиолдол бүртгэгдээгүй Хонконг засаг захиргааны бүсэд дотоодын халдварын тохиолдол шинээр нэмэгдлээ. Бараг гурван долоо хоногийн турш бүртгэгдээгүй боловч, өчигдөр хоёр дотоодын иргэн халдвар авсан нь батлагджээ.

Ингэснээр Хонконгт батлагдсан халдварын тохиолдол 1268 болсон байна. Халдвар авсан хоёр иргэн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа юм. Энэ тухай амьсгалын замын анагаахын мэргэжилтэн Дэвид Хуй тусгаарлалтаас чөлөөлөгдсөн иргэдээс халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. 

Өчигдөр батлагдсан дотоодын хоёр халдварын тохиолдлоос гадна, Пакистан, Энэтхэг, Индонез Улсаас ирсэн найман иргэнээс халдвар илэрсэн байна. Халдвар авсан хоёр иргэний тухайд нэг нь хувийн эмнэлэгт эм тараах ажил хариуцдаг 40 насны эмэгтэй. Түүний хувьд өнгөрсөн сард гадуур хооллохдоо халдвар авсан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Өөр нэг халдвар авсан иргэн хоёр өөр хоолны газар ажилладаг 59 настай эрэгтэй юм байна. Түүний ажилладаг ресторануудыг түр хугацаанд хаан, хөл хорио тогтоох арга хэмжээ авчээ. Үүнээс гадна халдвар авсан иргэдийн амьдардаг дүүрэгт ариутгалын ажил явуулж эхэлжээ. Халдвар авсан иргэдтэй хавьталд орсон иргэдийг шинжилгээнд оруулах ажил үргэлжилж байна.