Үйл явдал

Сүүлийн өдрүүдэд Япон Улсад коронавируст халдварын тохиолдол 100-гаас дээш нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрх баригчид цахим хурал хийлээ. Хурлын үеэр коронавируст халдвартай холбоотой хөл хорио дахин зарлах шаардлагагүй гэж үзэж байгаа ч, чухам яагаад халдварын тохиолдол нэмэгдсээр байгаад ажиглалт хийх шаардлагатай тухай хэлэлцжээ.

Япон улсын Эдийн Засаг нөхөн сэргээлтийн сайд Нишимура Ясутоши үндэсний хэмжээнд коронавируст халдвартай тэмцэх ажлыг ахалж байгаа. Тэрбээр сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол 100-аас дээш нэмэгдэн эрчимжиж байгаа асуудлаар Токиогийн хөрш залгаа гурван хотын эрх баригчидтай цахим уулзалт хийсэн байна. Нишимура Ясутошигийн зүгээс дахин улсын болон нийслэлийн хэмжээнд онц байдал хөл хорио зарлах шаардлагагүй ч, халдварын тохиолдол эрчимжиж байгаа шалтгааныг олж мэдэх нь чухал гэдгийг хэллээ.  Ингэхдээ шөнийн цэнгээний газар, баар, уушийн газар нь халдвар тархах эрсдэл өндөртэй цэг болж байгааг онцолсон байна. Үүнээс гадна иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах ажлыг явуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Саитама мужийн захирагчийн мэдэгдсэнээр, тухайн мужид батлагдаж байгаа халдварын тохиолдлын дийлэнх нь шөнийн цэнгээний газраас халдвар авсан гэдгийг хэлсэн байна.  Чиба мужийн захирагчийн хувьд энэ тал дээр түлхүү анхааран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс хамгийн чухал нь иргэд өөрөө урьдчилан сэргийлэх гэдгийг онцоллоо. Канагава мужийн захирагч хотоос хотын хооронд зорчих иргэдийн тоо их байгаа нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгаагаас гадна, энэ асуудал дээр санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Иргэдийг эртнээс халдвараас сэргийлэхийг анхааруулан, дахин хөл хорио зарлах хэмжээнд хүргэхгүй байхыг санууллаа.