Үйл явдал

БНХАУ-ын Хайнань мужийн Мэйлан олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажил дуусахад бэлэн болж байна. Ирэх наймдугаар сараас туршилтын нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа тухай CCTV-гээс мэдээлжээ.

Энэхүү өргөтгөлийн ажил нь Хайнаний чөлөөт худалдааны боомтын төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг. Мэйлан олон улсын нисэх онгоцны буудал нь Хайнань мужийн нийслэл Хайкоу хотод байрлалтай. 2016 оноос хойш өргөтгөлийн ажлыг явуулж байсан ч, цар тахлын улмаас барилгын ажил хойшлоод байсан. Одоо эргэн ажилдаа орж энэ сарын 30-ны өдөр байгууламжийг бүрэн бэлэн болгохоор зорин ажиллаж байна. Барилгын төслийг хэрэгжүүлэхэд 17.8 тэрбум юань буюу 2.47 тэрбум америк долларыг төсөвлөсөн.

Шинэ өргөтгөлийн терминал нь 290 мянган метр квадрат. Гурван км 600 метр үргэлжлэх нислэгийн зурвастай. Зорчигчдод түргэн шуурхай энгийн байх байдлаар загварчилсан тухай төслийн удирдагч Ван Жэн хэллээ. Газардах хэсэгт далайн эргийг харах боломжтойгоос гадна үндэсний соёлыг харуулсан булангуудтай байхаараа онцлог болж байна. Ямартай ч албан ёсны нислэгүүдийг энэ жилдээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Шинэ терминал бий болсноор 45 сая зорчигч, 600 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бий болж байгаа тухай эх сурвалжид мэдээллээ.