Францад энэ сарын 24-нд болох сонгуулийн өмнөх хоёр улс төрчийн халз мэтгэлцээн болжээ

Улс төр

Францад энэ сарын 24-нд болох Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх хоёр улс төрчийн сонгуулийн өмнөх халз мэтгэлцээн болжээ.

Францын одоогийн тэргүүн Эммануэль Макрон, түүний өрсөлдөгч Үндэсний эв нэгдэл намын тэргүүн Марин Ле Пен нар телевизийн халз мэтгэлцээнд оролцож, байр суурь, үзэл бодлоо уралдуулжээ.

Макрон, хэрвээ тэрээр сонгуульд ялалт байгуулбал Украины талыг үргэлжлэн дэмжиж, Оросын эсрэг дарамт шахалтаа үргэлжлүүлнэ гэдгээ хэлжээ. Түүнчлэн Украины дайн тулаан бусад улс орнууд руу хүрээгээ тэлэхээс сэрэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Макрон Оросын талыг Украин дахь галаа зогсоон яриа хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсч, цаашлаад Украины нутгаас цэргээ гаргахыг шаарджээ. Макрон өрсөлдөгч Марин Ле Пеныг одоогоос хэдэн жилийн өмнө Оросын банкнаас зээл авч намаа санхүүжүүлж байсанд буруутгажээ. Энэ нь түүнийг Оросын талаас хараат байдалд оруулж байгааг тэмдэглэсэн байна.