Үйл явдал

БНСУ-ын нийслэл Сөүл хотын амбан захирагч Пак Вон Суныг орон нутгийн цагдаагийн албаныхан нас барсан байдалтайгаар олсон байна. Сөүл хотын мэр сураггүй алга болсон талаар түүний охин пүрэв гарагт цагдаа нарт мэдээлсний дараагаар хууль сахиулагчид эрэн хайх ажиллагаа явуулж, улмаар Сонбук-гу дүүргийн ойролцоох ойн хэсгээс олж илрүүлжээ.

64 настай Пак Вон Суныг амиа егүүтгэн нас барсан гэж цагдаа нар урьдчилсан байдлаар үзэж байгаа юм. Учир нь тэрээр сураггүй алга болохоосоо өмнө гэртээ гэрээс бичиг үлдээсэн байжээ. Чухам энэхүү бичиг охиныг нь сандрахад хүргэж, цагдаад мэдээлэл өгч, эрэн хайх ажил шуурхай явуулах үндэслэл болсон байна. Пак Вон Сун сураггүй алга болохынхоо өмнө ажил дээрээ очоогүй төдийгүй пүрэв гарагт төлөвлөгдсөн байсан бүх ажил уулзалтаа цуцлан, гудамжны хяналтын камерт бичигдсэнээр өглөөний 10 цаг 53 минутын үед Сонбук-гу дүүргийн дэргэдэх ойн хэсэг рүү орж, чухам энд түүний гар утасны сүлжээ тасарсан байжээ.  Сөүл хотын мэрийг эрж хайх ажиллагаанд цагдаагийн 600 гаруй ажилтныг дайчилж, дрон хөөргөн, үнэрч нохдоор мөрийг нь хөөлгөн хайжээ. Түүнийг сураггүй болохоос өмнө ажлынхаа нэгэн эмэгтэйг бэлгийн харилцаанд уруу татахыг завдсан, магадгүй эндээс үүдэлтэй хэл амнаас зугтсан гэх яриа гарсан ч цагдаа нар энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

Пак Вон Сун анх 2011 онд Сөүл хотын амбан захирагчаар сонгогдож, өнгөрсөн оны 7-р сард энэ албандаа 3 дахь удаагаа улиран сонгогдсон юм. Түүнийг ирэх 2022 онд Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан нам болох Тобуро-гоос ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хамгийн их магадлалтай хүн гэж тооцож байжээ. Хуульч мэргэжилтэй Пак Вон Сун 1982 оноос эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж, хүний эрхийг хамгаалах асуудлаар мэргэшээд байсан юм. Сөүл хотын мэрээр ажиллах хугацаандаа нийслэл хотын өнгө төрхийг нэмэгдүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаж, иргэдийн дунд ихэд нэр хүндтэй байжээ.