Үйл явдал

БНСУ 2032 он хүртэл жил бүр дөрвөн мянган оюутныг анагаахын чиглэлээр сургах төлөвлөгөө гаргажээ. Ингэснээр ирээдүйд бий болж магадгүй олон төрлийн цар тахал, өвчин зовлонтой тэмцэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн байна.

2022 оноос эхлэн хэрэгжих энэ төслөөр жил бүр дөрвөн мянган оюутныг анагаахын салбарт сургахаар боллоо. Улсын хэмжээнд 58 анагаахын их сургуульд төслийг явуулна. Энэ ажлыг Солонгос Улсын Ардчилсан нам санаачлан боловсруулж байна. Тэдний зүгээс коронавируст цар тахлын нөхцөл байдал бидэнд анагаах ухааны салбарын албан хаагчид ямар их шаардлагатай байдгийг ойлгуулж байна хэмээн мэдэгджээ.

Шинээр сургах оюутнуудын дөрөвний гурвыг бүс нутгийн эмч мэргэжлээр сургана. 500 оюутныг халдвар тархалт судлаач мэргэжлээр, үлдсэн 500-г эм бэлдмэл бүтээх болон судлаач, био технологич мэргэжлээр сургах юм.

Энэ төсөлд хамрагдаж байгаа бүх оюутанд 100 хувийн тэтгэлэг олгоно. Үүнээс гадна бүс мужуудын анагаахын салбарын хөгжил болон чанарт илүү анхааран ажиллахаар болжээ. Түүнчлэн анагаахын сургуульгүй бүс нутагт шинэ сургууль байгуулахыг ажлыг явуулах юм. Солонгос Улс нь анагаахын чиглэлээр суралцах оюутанд маш өндөр шалгуур тавьдаг. 1997 оноос хойш анх удаа анагаахын сургуулийн элсэлтийн тоог нэмэгдүүлж байгаа нь энэ юм.