Үйл явдал

Есөн жилийн дараа Берлиний амьтны хүрээлэнд улаан хулсны баавгай буюу улаан панда төрсөн байна. Энэ төрлийн панда нь төрснөөсөө хойш таван долоо хоногийн дараа нүдээ нээдэгээрээ онцлог юм.

Энэхүү улаан панда нь төрөхдөө 100 грамм жинтэй байжээ. Төрөөд таван долоо хоногийн дараа нүдээ нээсэн нь Берлиний Тиерпарк амьтны хүрээлэнгийнхэн болоод дэлхийн анхаарлыг татаж байгаа юм.

Зургадугаар сарын 6-ны өдөр амьтдыг сахиулагчид Shine хэмээх эмэгтэй панда 130 хоногийн жирэмслэлтийн дараа үүрэндээ зулзагаа төрүүлснийг олж мэджээ. Улаан панданы эхийг Энэтхэг Улсаас авчирсан юм байна. Тэд ямар ч хольцгүй, цэвэр улаан панданы гентэй гэдгийг амьтны хүрээлэнгийн хамт олон мэдээлсэн байна.

Гималайн нурууны ой модонд л тархсан байдаг энэ хөхтөн амьтан Ailurus төрөлд багтах цорын ганц зүйл. 2009 онд ОУ-ын байгаль хамгаалах холбоо улаан номдоо багтаасан энэ төрлийн панда нь дэлхий дээр устаж үгүй болсоор байгааг эрдэмтэд анхааруулжээ.