Үйл явдал

Цар тахалтай холбоотой жагсаал, үймээн самуун Израиль улсад ч бас болж өнгөрч байна. Иргэдийн хувьд улсынхаа Ерөнхий сайдыг цар тахалтай тэмцэж чадаагүй гэх шалтгаанаар огцрохыг шаардан жагсаал хийжээ.

Хэдэн мянган иргэн Ерөнхий сайд Бенжамин Нетаняхуг албан үүргийнхээ хүрээнд халдвараас хамгаалах тал дээр хариуцлагатай ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар Иерусалимын гудамжинд жагсаал хийж байна. Жагсагчид сүүлийн хэдэн долоо хоног ийм шалтгаанаар жагсан, өнгөрсөн Бямба гарагт хүчээ нэмэгдүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бараг долоон мянган иргэн Ерөнхий сайдын албан газрын үүдэнд жагсаж байгаа юм. Үүнээс гадна мянга орчим иргэн түүний гэрийн гадаа жагсаж байна. Иерусалим хотоос гадна Тел-Авив хотод ч бас энэ шалтгаанаар иргэд жагсаж байгаа юм.

Ерөнхий сайд коронавируст халдварын хариуцлагаас гадна авилгын хэргийн эсрэг тууштай тэмцэж чаддаггүй гэж шүүмжлүүлж байна. Иргэдийн хувьд амны хаалтаа зүүсэн байсан. Түүнчлэн 12 цаг гэхэд жагсаалаа дуусган харьцангуй тайван, тогтуун байсан тухай эх сурвалжид онцолжээ.