Үйл явдал

Одоогоос 75 жилийн өмнө Японы болон дэлхийн түүхэнд бас нэгэн гунигт өдөр болж байлаа. Америкууд Японы Хирошима хотын дээр атомын бөмбөг хаяж, маш том хэмжээний дэлбэрэлт болсон байдаг. Япон улсад 1945 оны 8-р сарын 6-ны гунигт өдрийг дурсан, амь насаа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ.

Хирошимагийн иргэд хотынхоо аль нэг газрыг заахдаа “тэндээс 1.5 км-ийн зайд”, “тэндээс хойш 500 метр” гэхчлэн ярьдаг. “Тэнд” гэсэн учир битүүлэг үг нь дэлхийн анхны цөмийн халдлагын төв цэг юм. Энэ цэг дээр 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 08.15 цагт Америкийн B-29 бөмбөгдөгч онгоц Жаалхүү хэмээгдсэн 16 килотонны хүчтэй цөмийн бөмбөг хаясан.  Хирошима хотод бөмбөг дэлбэрснээс хоёр хоногийн дараа Нагасакид ч бас бөмбөг дэлбэрсэн түүхтэй. Олон жил өнгөрсөн ч, энэ өдөр Японы иргэдийн хувьд хамгийн гунигт дурсамжийг үлдээсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр Америкууд Японыг үг дуугүй буулгаж авахаар бөмбөг хаясан гэж үздэг. Гэтэл дэлбэрэлт болсноос 50 жилийн дараа ч энэ нь Орос улсыг айлган сүрдүүлэх ажиллагаа байсан гэх маргаан намжаагүй байлаа.  1960 онд Эдийн засагч Гар Альперовицээр толгойлуулсан хэсэг хүн цөмийн бөмбөгийг ЗХУ-ыг айлгах зорилготой байсан болохоос биш Японыг буулгаж авах зорилгогүй байсан гэж сурталчилж эхэлсэн. Энэ үзэл бодол явсаар 1995 он гэхэд энэ асуудлыг тойрсон олон нийтийн санал бодол ихээхэн зөрөлдөж, цөмийн бөмбөг хаясны 50 жилийн ойд зориулан Смитсоновын хүрээлэнд гаргасан үзэсгэлэнг хэд хэд өөрчилсний эцэст олонд дэлгэж байсан түүхтэй. Тухайн үед дэлбэрэлт болсноос хагас цагийн дараа гэхэд дэлбэрэлтин гол цэгээс хааш хаашаагаа хоёр км зай доторх юм бүхэн газартай тэгширсэн. Хотын 76 мянган барилга байгууламжийн 90 хувь нь сүйдэж, ашиглагдахуйц гэгдэж байсан 33 сая ам.метр газрын 40 хувь нь үнс нурам болжээ. Дэлбэрэлтэд Хирошимагийн 420 мянган иргэний 80 мянга гаруй нь агшин зуурт амиа алдсан бол 1945 оны сүүлч гэхэд энэ тоо 141 мянга давсан байлаа. Хамгийн гайхалтай нь балгас болоод байсан хотыг сэргээх ажиллагааг маш хурдацтай эхлүүлж, одоо Хирошима хот дэлхийн түүхэн дурсгалт, өнгө үзэмж сайтай хотуудын нэг болжээ. Хуулийн хүрээнд хотыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан байдаг. Хуулийн нэгдүгээр зүйлийн нэгдүгээр заалтад “Хирошима нь хүн төрөлхтний энхийг эрхэмлэх үзлийн бэлгэдэл болно” хэмээн тодотгосон байдаг. Өнөөдөр цар тахлын дэгдэлттэй зэрэгцэн гунигт өдрийг дурсаж байна. Ерөнхий сайд Шинзо Абэ түүхэн өдрийг дурсах үйл ажиллагааг эхлүүлэн үг хэлжээ. Бөмбөгдөлт болсон хотуудад иргэд нэг минут дуугаа хураан амь насаа алдсан хүмүүс болон тухайн үеийн гунигийн тухай эргэн нэг саналаа. Өчигдөр  Өмнөд Солонгост Хирошимагийн бөмбөгдөлтөөс цацраг идэвхт бодисын хоронд өртөж амиа алдсан Солонгосчуудын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болсон байна. Солонгосын 2,773 иргэн амь насаа алдсан түүхтэй.