Үйл явдал

Өчигдөр Сингапур улс тусгаар тогтносны 55 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран энэ жил баярын өдрийг бага хэмжээний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа хийн, цэргийн сүрт жагсаал хийж өнгөрүүлжээ.

Амны хаалт зүүх дүрэм журмыг сайтар дагаж байгаа иргэд хотын төвд цуглан, эх орныхоо тэмдэглэлт баярыг өнгөрүүллээ. Сингапурын Ерөнхий сайд Ли Шиэн Лонг иргэддээ халдварын төгсгөл ирэх болоогүй байгаа учраас хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулан ирэх саруудад шат дараалалтайгаар хөл хорио онц байдлын дэглэмийг цуцлахаа мэдэгдлээ. 1965 онд Малайз улсаас салан тусгаарлаж 8-р сарын 9-ний өдөр Сингапур улс тусгаар тогтносноо зарлаж байсан түүхтэй. Энэ жил баярын үйл ажиллагааг цомхтгон цэрэг цагдаагийн 200 орчим албан хаагч хотын төвд параад хийн өнгөрүүлжээ. Үүнээс гадна улсынхаа тугийг нисэх онгоцоор дамжуулан тэнгэрт мандууллаа. Манай нийслэлээс ч жижиг газар нутагтай энэ улс Азидаа төдийгүй дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг. Хүний хөгжлөөр дэлхийд 9-т жагсдаг энэ улс хүн амьдрахад хамгийн таатай аюулгүй орны тоонд багтдаг. Маш олон улс орон энэ жижиг арлын сүүлийн 50 жилийн хөгжлийг магтан шагшдаг. Байгалийн баялаггүй ч далайн тээвэр хийх боломжтой энэ улс Английн колони байсан нь тэдний хөгжилд ихээхэн нөлөөлжээ.