Үйл явдал

Ихэнх орнууд өнгөрсөн тав, зургаадугаар сард халдварын дэгдэлт буурч байгаа учраас эдийн засгаа аврах үүднээс хөл хориог багасгаж эхэлсэн. Харин Европын орнууд коронавируст халдварын тохиолдол эрчимжиж байгаатай холбогдуулан хөл хориог дахин чангатгаж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Франц, Герман, Испани, Нидерланд улсад халдварын хоёр дахь давлагааны хамгийн их тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн. Тиймээс нийтийн эрүүл мэндийн албаныхан хөл хориог чангатгаж эхлэхийг уриалсан. Ялангуяа халдварын хоёр дахь давлагааг даван туулахад эртнээс бэлдэх хэрэгтэйг анхааруулжээ. Брюссельд бүх нийтийн газар заавал амны хаалт зүүх шаардлага тавьж байна. Харин Парист халдварын тархалтаас сэргийлэн Марафон гүйлтийн тэмцээнийг хойшлууллаа. Их Британи улсад олон нийтийн газар амны хаалт зүүхээс татгалзсан хүнийг 127 ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна. Италид өдөрт 300 орчим халдварын тохиолдол шинээр батлагдаж байгаа юм. Тиймээс хилээ нээгээд байсан 13 оронтой дахин хилээ хаажээ. Азийн орнуудаас Энэтхэг улсад нөхцөл байдал хүнд байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 64 мянга 500 шинэ тохиолдол батлагдлаа. Өмнөд Солонгос улсад халдварын 100 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 4-р сараас хойш бүртгэгдээгүй их тохиолдол болж байна. Харин Японд мянга нэг зуун шинэ тохиолдол батлагджээ. Токио болон Осакад халдварлах тохиолдол илүү их байна. Үүнээс гадна дотоодын халдвар илрээгүй 100 хоног болсон Шинэ Зеланд улсад гэнэт халдварын тохиолдол дотоодоос батлагдан сүүлийн хоёр өдөрт 20 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдний зүгээс хатуу хөл хорио тогтоон иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх шийдвэр гаргасан. Түүнчлэн сүүлийн хоёр сар тогтмол халдварын тохиолдол мянгаас дээш нэмэгдсээр байгаа Мексикт нийт халдварын тохиолдол 500 мянга болжээ.