Үйл явдал

8-р сарын 20-нд Оросын сөрөг хүчний удирдагч, Ерөнхийлөгч Путиныг шүүмжлэгч Алексей Навалыны бие Сибирээс Москва руу буцах замд гэнэт муудаж, онгоц Омск хотноо ослын буулт хийсэн. Ухаангүй байсан тэрээр сэрсэн ч биеийн байдал нь хангалттай сайн биш байна.

Навальны биеийн байдал тогтворжтол хаа нэг тийшээ авч явах нь эрсдэлтэй гэж Омск хотын түргэн тусламжийн эмнэлгийн ерөнхий эмч Александр Мураховский анхааруулсан байна. Ямар шалтгаанаар гэнэт бие нь муудсаныг шинжилгээгээр нарийн тогтоохоор болжээ. Хоёр өдрийн дараа шинжилгээний хариу гарахыг Омск хотын түргэн тусламжийн эмч нар хэлсэн байна. Герман улсад тэрбээр "Шарит" гэдэг эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Омскийн нисэх буудлаас тусгай онгоцоор нисчээ. Түүнийг төрөл садных нь хүсэлтээр Омск хотын эмнэлгээс Германд байдаг эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийн хэлснээр Навальн Сибирээс Москва руу нисэхдээ цайнаас өөр юу ч идэж уугаагүй юм. Тиймээс түүний цайнд хор хийсэн байж магадгүй гэж таамаглаад байгаа. Зарим хэвлэлүүд түүний бие муудахын өмнөх шөнө согтууруулах ундаа хэрэглэн эм уусан нь сөрөг нөлөө үзүүлж байна гэж мэдээлсэн нь худлаа болохыг хэвлэлийн төлөөлөгч Ярмыш онцлон мэдэгджээ. Харин эмч нарын эхний дүгнэлтээр түүний биенээс хор илрээгүй байна. Цусан дахь сахарын түвшингээс үүссэн бодисын солилцооны эмгэг байж магадгүй гэж таамагласан юм.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины засаглалын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр ирсэн бөгөөд жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байсан. Нислэгийн үеэр ослын буулт хийн, Омск хотноо түүнийг эмчилж байна. 2012, 2014 онуудад Навальныйг Оросын хууль хүчнийхэн баривчилж, хорьсон тохиолдлуудыг Европын Хүний Эрхийн Шүүх шалган, улс төрийн зорилготой, хүний эрхийг зөрчсөн явдал гэж дүгнэж байжээ. Ерөнхийдөө түүнийг нэлээдгүй эрсдэл өндөртэй нөхцөлд байгаа гэж үзэн, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг ч мэдэгдсэн.  

Омск хотын эмч нар Навальныйг эндээ эмчилгээгээ үргэлжлүүлж болох учраас заавал өөр эмнэлэг рүү шилжих шаардлагагүй гэж үзсэн байна. Тус хотын эмнэлгийн ерөнхий эмч мэдэгдэхдээ, өвчтөнийг яаралтай авч явах шаардлагагүй бөгөөд нисэх онгоцоор зорчих нь түүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй гэдэг дээр Германаас явуулсан тусгай багийн эмч нар ч бас санал нэгдэж байсан гэжээ. Гэсэн ч эхнэрийнх нь хүсэлтээр Навальныйг шилжүүлэхээр болсон байна.

Tүүнийг дэмждэг маш олон хүн эрүүл энхийг хүсэн, эмнэлгийн үүдэнд дэм өгөхөөр ирсэн байжээ.