Үйл явдал

2001 оны 9 сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк ба Вашингтон хотууд руу исламын Аль-Каида террорист бүлэглэлийн гишүүд халдлага үйлдэж олон мянган хүн амь насаараа хохирсон аймшигт хэрэг гарч байсан. Өнөөдөр энэ халдлага болсноос хойш 19 жил өнгөрсөн байна. 

Аль Каида террорист бүлэглэл зорчигч тээврийн 4 онгоцыг булаан эзэлж, тэдгээр онгоцоороо халдлагыг үйлдсэн юм. Тэд дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр барилга Пентагоны байрыг мөргөн нураасан. Үүнд аль-Каидагийн 19 гишүүд оролцож 2 онгоцоор эхлээд Нью-Йоркийн 2 өндөр барилгыг, 1 онгоц нь Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж талыг нь нурааж, 4 дэх булаан эзлэгдсэн онгоц нь Вашингтоноос зайтай газар унасан юм. Ихэр цамхаг хэсэг хугацаанд хуйларсан гал дөлөнд автан шатаж, утаан дунд сүндэрлэсээр байсан ч хоёр цаг орчмын хугацаанд тогтсоны эцэст хоорондоо 13 минутын зайтай нуран унасан. Энэ хооронд тэсэхийн аргагүй гал дөлөнд хайрагдаж,утаанд нь хордож байсан хүмүүс асар өндөр дээрээс үсрэн амь алдаж байсан эмгэнэлт дүр зургийг Нью Йоркийн иргэд яг дэргэдээс нь харж байжээ. Ихэр цамхгийг үнсэн нурам болгосон дайралтад худалдааны төвийн барилга дотор байсан дэлхийн 70 гаруй улсын нийт 2000 гаруй иргэн амиа алдсан байдаг. Барьцаалж авсан дараагийн онгоц Арлингтон дахь АНУ-ын батлан хамгаалах яамны төв болох Пентагоны барилгыг мөргөн сүйрүүлсэн юм. Пентагоны барилгад ихээхэн эвдрэл учирсан бөгөөд барилгыг сэргээн засварлахад нэг жил шаардагдаж байжээ. Харин дөрөв дэх онгоцны хувьд зарим зорчигч болон нисэх багийнхан барьцаалсан алан хядагчидтай тэмцэлдсэний эцэст алан хядагчдын зорьсон цэгт хүрэлгүй Пенсильван муж дахь хөдөө хээр газарт унасан байна. Харамсалтай нь онгоцны зорчигчид, нисэх багийнхнаас нэг ч хүн амьд гараагүй юм. Сүйрсэн онгоцнуудад сууж зорчигчид гар утас болон онгоцны танхим дахь утсыг ашиглан ар гэрийнхэн болон ойр дотнын хүмүүс,  холбогдох албаныхан руу ч залган холбоо барьж байсан бичлэгүүд агаарын тээврийн компаниудад үлдсэн байдаг. Тэд болж байгаа үйл явдлыг дүрслэхийн зэрэгцээ тусламж хүсэн яаралтай дугаар 911 рүү залгахыг хүртэл гуйж байсан гэдэг. Гэвч тэдэнд хэн ч тус болох боломжгүй байсан учраас бүгд амь үрэгдсэн. Тэднийг оролцуулаад террористуудын гэмт үйлдлээс болж нийтдээ 2977 хүн нас барж, 6000 гаран хүн гэмтэж шархаджээ. Халдлага үйлдсэн Аль-Каида бүлэглэлийн үүсгэн байгуулагч Осама Бенладен чинээлэг айлын хүүхэд байсан. Тэрбээр 16 настайгаасаа эхлэн лалын хэт үндсэрхэг бүлэглэлийн үйл ажиллагаанд татагдан оролцдог болсон юм. Халдлага болсноос 10 жилийн дараа түүний нууцаар амьдарч байсан газрыг АНУ-ын тагнуулынхан олж, түүнийг цээж болон толгойн тус газар нь буудаж хороожээ. Түүний амь насыг хороох ажлыг хэнд ч урьдчилан мэдээлээгүй байна.