Үйл явдал

АНУ-ын Орегонд гарсан түймрийн улмаас олон иргэн алга болсон тухай тус мужийн захирагч мэдээлжээ. Түймрийн далимаар хулгайн гэмт хэрэг ихээр гарч байна. Гэсэн хэдий ч иргэдийг гэр рүүгээ явахгүй байхыг мужийн захирагч Кэйт Браун анхааруулжээ. АНУ-ын 12 мужид хуурайшилтын улиралтай холбоотойгоор гал түймэр гарч байна.

Тодруулбал Орегон мужийн Жэксон, Лэйн, Марион бүс нутгуудад түймэр гарсан газарт олон хүн алга болсон гэдгийг мэдээлсэн байна. Гэхдээ тоо баримтын тухай тодорхой мэдээлэл хийгээгүй. Мужийн хэмжээнд 40 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Албаныхны мэдээлж байгаагаар Орегон мужийн хэмжээнд хагас сая хүн түймрийн гамшигт өртсөн байна. Холбооны зүгээс тусламжийн хэрэгсэл болон хоол хүнсээр хангахаар болсон. Сүүлийн өдрүүдэд дэгдэж байгаа түймэр нь Америкт ойрын жилүүдэд бүртгэгдээгүй их газар болон хүн ам хамарсан хор хохирол учруулаад байна.