Үйл явдал

Израиль, Бахрейн улсууд хоорондоо дипломат харилцаа тогтоох болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ. Ингэснээр дайсагнасан харилцаатай байсан хоёр улсын харилцаа энхийн замаар хэвийн болж байна. Өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улс ч бас Израилтай харилцаагаа хэвийн болгох болсныг Цагаан ордонд зарласан. Израил болон Бахрейн улсуудын гэрээнд гарын үсэг зурах ёслол ирэх долоо хоногт явагдах юм.

 “Хоёр улс харилцан элчин сайдын яамдуудыг нээж, шууд нислэг үйлдэж эхлэхээс гадна эрүүл мэнд, бизнес, технологи, боловсрол, аюулгүй байдал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр болж байна”

гэж Доналд Трамп мэдэгджээ. Ирэх Мягмар гарагт Цагаан ордонд талууд гэрээнд гарын үсэг зурах ёслол явагдана. Доналд Трамп мэдэгдэл хийхээс өмнө хоёр улсын эрх баригчид утсаар холбогдсон байна. Арабын бараг бүх орон Израилтай харилцаа муутай байсан гэхэд хилсдэхгүй юм. Хамгийн анх Египет улстай Израил энхийн гэрээ байгуулж байсан. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Доналд Трамп Ойрхи Дорнодын улсуудын энхийн харилцаанд санаа зовж, анхааран ажиллаж байгаа нь ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж таамаглаж байгаа юм. Ямартай ч Доналд Трамп өөрийг нь анх ерөнхийлөгч болсон үеийн эмх замбараагүй харилцаатай Ойрхи Дорнодын улсуудын нөхцөл байдал дээрдэж, бусад орнууд ч энэ жишгийг дагана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.