Үйл явдал

Өнгөрсөн лхагва гарагаас эхлээд халдварын голомт байсан Ухань хотын Тианхэ онгоцын буудал ОУ-ын нислэг үйлдэж эхэллээ. Бараг найман сарын дараа ОУ-ын нислэг үйлдэж байгаа нь энэ юм. Хамгийн эхний ОУ-ын нислэгийг БНСУ-ын нийслэл Сөүл хоттой хийж байна.

Энэ удаагийн нислэгт 60 зорчигч Сөүл хот руу нислээ. Долоо хоног бүрийн лхагва гарагт хоёр хотын хооронд нэг удаагийн нислэг үйлдэхээр болсон байна. Энэ сардаа багтаан дахиад нислэгийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг Ухань хотын иргэний нисэхийн газрын дарга Ли И Жуо хэллээ. Үүнээс гадна халдвар хамгааллын дүрэм журмын дагуу нисэхээс өмнө болон газардсаны дараа эрүүл мэндийн шинжилгээ хийж амны хаалт зүүх дүрэм журмыг баримтлаж байгаа тухай тэрбээр онцлон мэдээлжээ. Ирсэн зорчигчид 14 хоногийн тусгаарлалтад орно. 1-р сараас Ухань хотод өндөржүүлсэн хөл хорио зарлаж ачаа тээврийнхээс бусал бүх нислэг хаагдсан байсан. 4-р сараас дотоодын нислэгээ эхлүүлсэн бол одоо харьцангуй аюул багатай гэж үзэн ОУ-ын нислэгээ эхлүүлж байгаа юм. Цаашдаа ч нөхцөл байдлыг ажиглан бусад ОУ-ын нислэгийг шат дараатай эхлүүлнэ гэдгийг Ухань хотын иргэний агаарын тээврийн газраас мэдээллээ.