Монгол улс болон БНСУ-ын ЗГ хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ

Засгийн газар

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ. Тус уулзалт Улаанбаатар хотноо хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болно.

Хэлэлцээрт Монгол Улсын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Орхонтамир нар, БНСУ-ын талаас Агаарын тээврийн бодлогын газрын дарга Ким Ёонг Күүк, Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Ким Нам Гюн, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дэд дарга Ким Жин Хэ, тус яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн орлогч дарга Ким Дэй Юнг нар оролцож байна. 

Агаарын харилцааны тухай уулзалт хэлэлцээрээр хоёр улсын агаарын харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцэх бөгөөд хэлэлцээрийн төгсгөлд хоёр улс хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах юм.