Үйл явдал

Өчигдөр манай нийслэл Улаанбаатар хотод “тэг зогсолт” зарласан түгжрэл болж, цахимаар иргэд түгжрэлтэй хэрхэн тэмцэх тухай санал бодлоо солилцжээ. Харин дэлхийн бусад орнууд түгжрэлтэй хэрхэн тэмцдэг тухай уншигчиддаа мэдээллэе.

Английн Засгийн газраас Лондонгийн дүүргүүд болон замын цагдаагийн захиргаатай хамтран хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, цагийн хязгаарлалт тавьж ажилладаг байна. Үүнээс гадна нийтийн тээврийн нөхцлийг сайжруулан, иргэдийг хувийн автомашинаар нь бус, нийтийн тээвэр хэрэглэх таатай орчныг нь бүрдүүлэн ажилладаг. Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэн, олон чиглэлийг бий болгосноор зорчигчдын тоо ч нэмэгджээ. Түүнчлэн ажлын өдрүүдэд хотын төв хэсэгт өглөөний 7-оос оройн 18 цаг хүртэл зорчих таксины жолооч 13.5 евро буюу Монгол төгрөгөөр 40 мянга орчим төгрөг төлдөг байна. Стокхолм хотод ч бас энэ төрлийн такс төлдөг.

Харин Скандинавын орнуудын зарим хотод нийтийн тээвэр үнэ төлбөргүй байдаг учраас нийтийн тээвэрт суух  иргэд их байдаг. Энэ нь замын түгжрэлээс сэргийлэх чухал арга болжээ. Луксембург улсад гэхэд бүх хотын нийтийн тээвэр зорчигчдод үнэгүй байдаг.

Ирландын хэд хэдэн хотод нийтийн унадаг дугуйн үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, түгжрэлээс хамгаалж байна.

Грекийн нийслэл Афинд 1990 онд Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд тухайн сарын тэгш өдрүүдэд л хотын төвд орж, сондгой тоогоор төгссөн автомашин сондгой өдрүүдэд л хотын төв рүү нэвтрэх боломжтой байжээ.

БНХАУ-д хотын буруу төлөвлөлтийг зам түгжрэх хамгийн том шалтгаан гэж үздэг. Тиймээс Засгийн газраас иргэдийг бусад хот руу нүүлгэх ажлыг явуулан, хот төлөвлөлтөд ихээхэн анхаарч ажилладаг. Үүнээс гадна давхар зам, гүүр байгуулах нь түгжрэлээс ангижрах шилдэг арга болсон гэжээ.  

Япон улсын хувьд зам түгжрэх асуудлыг метро шийдвэрлэдэг гэсэн байна. Түргэн шуурхай, тухтай, цаг болон мөнгөнд хэмнэлттэй сонголт бол метро гэж Японы иргэд үздэг. Нью Йорк, Парис гэх мэт хүн ам, жуулчид ихтэй хотуудад ч мөн түгжрэх асуудлыг метро шийдвэрлэдэг.

Сингапурт тээврийн хэрэгсэл өмчлөх тоонд хязгаарлалт тавьдаг.  100 хүнд 12 автомашин гэсэн системээр замын түгжрэлтэй тэмцдэг гэнэ. Бусад зарим орнуудад ч бас энэ дүрэм хэрэгждэг. Жишээлбэл, Бермудад нэг өрхөд нэг машин байх хязгаарлалт тавьдаг.