REUTERS: Дэлхийн Хүнсний хөтөлбөр нь өнгөрсөн жилд 100 сая гаруй хүнд хүнсний тусламж үзүүлжээ

Үйл явдал

2020 оны Нобелийн энхтайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрт өлсгөлөнтэй тэмцэх хүчин чармайлтынх нь төлөө олголоо.

Норвегийн Нобелийн Хорооны хэлж байгаагаар Дэлхийн хүнсний хөтөлбөр нь өлсгөлөнг дайн, зөрчилдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүчин чармайлт гарган хөдөлгөгч хүч болж ажилласан гэжээ.

Энэ шагналыг 1.1 сая ам.доллар буюу 872,600 фунттэй тэнцэх 10 сая Швед крона мөнгөн урамшуулал дагалддаг.

Дэлхийн Хүнсний хөтөлбөр нь уг Нобелийн шагналын 101 дэх нь юм байна. 

"Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн ажилтнууд өдөр бүр амь насаа дээсэн дөрөөн дээр тавьж 100 сая өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд хүнс болон бусад тусламжийг хүргэхээр ажилладаг зүтгэлийг ийнхүү үнэлж тодрууллаа"

гэж онцолжээ.

Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн дарга Дэвид Бийсли Ассошейтэд Пресст өгсөн ярицлагадаа "Амьдралдаа анх удаа ингэж хэлэх үггүй болтлоо догдоллоо" гэжээ.

Энэ шагналд дэлхийн даяар 211 хувь хүн, 107 байгууллага нэр дэвшсэн байна. Нобелийн сангийн дүрэм журмын дагуу нэр дэвшсэн жагсаалтыг 50 жилийн турш хэвлэн нийтлэхийг зөвшөөрдөггүй байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, цаг уурын идэвхтэн Герта Тунберг нар энэ жил ялах магадлалуудын дунд байсан гэнэ.

Нобелийн Хорооноос хэн юу хэлэв?

Дарга Берит Райс-Андерсан хэлэхдээ,

Энэ жилийн шагналыг тодруулахдаа Норвегийн Нобелийн Хороо дэлхий дахины нүдийг өлсгөлөнгийн аюултай нүүр тулж, зовж буй сая сая хүмүүс рүү хандуулахыг хүссэн юм

гэжээ.

Дэлхийн Хүнсний хөтөлбөр нь хүнсний аюулгүй байдал, энх тайвны зэвсэг болоход олон улсын харилцан хамтын ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байгаа гэжээ.

Коронавирусний цар тахал нь дэлхий дахинд өлсгөлөнгөөр амиа алдах хохирогчдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ үед Дэлхийн Хүнсний хөтөлбөр хүчин чармайлтаа эрчимжүүлж гайхалтай ур чадвараа үзүүлсэн

гэж мөн онцолжээ.

Өмнөх Нобелийн энхтайвны шагналын эзэд нь хэн хэн байсан бэ?

Өнгөрсөн жилийн Нобелийн энхтайвны шагнал нь Этиопын Ерөнхий сайд Абие Ахмед-д очсон. Тэрээр 20 жил гаруй үргэжилсэн хилийн дайныг төгсгөж энхийн хэлэлцээр хийсэн үйлсийнхээ төлөө тодорсон байна.

2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама хүртэж байжээ. Олон улсын дипломат ёс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн онцгой хүчин чармайлтынх нь төлөө түүнд олгосон байна.

2014 онд Хүүхдийн боловсролын идэвхтэн Малала Юүсафзай, 2012 онд Европын холбоо, 2001 онд НҮБ болон ЕНБД Кофи Аннан, 1979 онд Тереса эх нар тус тус хүртэж байжээ. 

 

Эх сурвалж: BBC News