Entertainment

Их Британийн хатан хаан 2-р Элизабет амьтны үс, үслэг эдлэл хэрэглэл хэрэглэхээс татгалзахаар шийджээ. Энэ талаар Букингемын ордноос мэдээлснийг амьтны эрхийг хамгаалагчид баяртайгаар хүлээн авсан байна. Хатан хааны оёдолчид түүний зарим хувцас хунарыг шинээр оёж, засвар хийж, үслэг эдлэлийг нь сольж байгаа гэнэ. 

Хатан хаан Элизабет амьтны гаралтай үслэг эдлэлээс татгалзаж байгаа тухай “Зоосны нөгөө тал: хатан, загвар, даашинзны шүүгээ” гэсэн номондоо хатны хувийн загвар зохион бүтээгч Анжела Келли бичсэн байна. Тэрээр номондоо: -Хэрвээ хатантан өвлийн хүйтэн сэрүүний улиралд ямар нэгэн арга хэмжээнд оролцох болбол 2019 оноос эхлэн тэрээр хиймэл арьсаар хийсэн, урласан хувцас өмсөх болно гэжээ.

Ингэхдээ хатан хаан өмнө нь өмсч байсан хувцсаа үргэлжлүүлэн өмсч, харин үслэг зах, малгай, гоёлын оронд хиймэл үсээр орлуулж өмсөх юм байна. Их Британийн хатан хааныг дэлхийн нэртэй загварын орднууд амьтны үс, үслэг эдлэлээс татгалзаад байхад үргэлжлүүлэн арьс, үслэг хувцас өмсч байсанд буруутгаж байжээ. Италийн Gucci брэнд 2017 оноос эхлэн загварууддаа амьтны арьс, үслэг эдлэл оруулахаас татгалзаж, 2018 оноос эхлэн Лондоны загварын долоо хоногийн үеэр амьтны үс ашигласан хувцас үзүүлэхийг хориглосон.

Түүнчлэн энэ оны 5-р сараас эхлэн Prada мөн үслэг эдлэлээс татгалзаж, хиймэл арьс үс ашиглах болсон. Өнөөдрийн байдлаар дэлхийн загварын томоохон орднууд болох Calvin Klein, Stella McCartney, Vivienne Westwood, Tommy Hilfiger, Versace, Armani, Hugo Boss зэрэг брэндүүд мөн амьтны арьс, үснээс татгалзаад байна.