Entertainment

Шинэ оны анхны өдөр алдарт Венийн филармони оркестрт уламжлалт шинэ жилийн тоглолтоо хийжээ. 2020 оны эхний өдөр Венийн филармонид сонгодог хөгжмийн уламжлалт тоглолт болж, дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү тоглолтыг үзэж сонирхохоор хүмүүс зорин очсон байна. 

Венийн филармонийн танхимд шинэ оны эхний өдөр болдог уламжлалт сонгодог хөгжмийн үдэш энэ жил 80 дахь удаагаа тасралтгүй болжээ. Энэ жилийн тоглолтыг Латви гаралтай Америкийн удирдаач Андрис Нелсонс удирдсан байна. Бостоны симфони оркестрын уран сайхны удирдаач Андрис Нелсонсын хувьд тэрээр анх удаа алдарт Венийн филармонийн сонгодог үдшийн хөгжмийг удирджээ. Венийн сонгодог хөгжмийн үдэш 80 дахь удаагаа болж, дэлхийн 90 гаруй улс орны 40 сая үзэгч шинэ жилийн анхны үдэш сонгодог хөгжмийн тоглолтыг шууд дамжуулалтыг хүлээн авч үзсэн байна. Венийн уламжлалт сонгодог үдшийн тасалбар зарагдаж эхэлсэн даруйдаа дуусдаг, олон жилийн уламжлалтай эртний арга хэмжээ юм. Венийн алдарт филармонийн танхимыг амьд цэцэгсээр чимж, дэлхийн сонгодог хөгжмийн шилдэг уран бүтээлчид нэгдэн шинэ оны эхний тоглолтоо хийдэг, энэхүү арга хэмжээнд удаан хугацаанд бэлддэг юм. Жил бүр Венийн сонгодог хөгжмийн тоглолтыг үзэхээр шинэ оны эхний өдөр Австрийн нийслэлийг дэлхийн өнцөг булан бүрээс сонгодог хөгжимд дурлагсад зорин ирдэг байна. Энэ жилийн тоглолтыг үзэхээр ирсэн нэр алдартнуудын дунд НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун байжээ.