Entertainment

Америкийн Лос Анжелес хотноо “Алтан бөмбөрцөг” кино наадам болж, шагналтнуудаа тодруулжээ. Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс эрхлэн олгодог “Алтан бөмбөрцөг” кино наадам энэ жил 77 дахь удаагаа болж байгаа юм. Жил бүрийн 1-р сард болдог “Алтан бөмбөрцөг” кино наадмыг Оскарын кино наадмын өмнөх томоохон сорилт гэж тооцдог юм. Учир нь “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагналтнуудын дийлэнх нь Оскарын наадмаас мөн шагнал хүртэх магадлал өндөр байдаг юм. 

Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадамд Netflix сүлжээний бүтээсэн кинонууд хамгийн олон номинацид нэр дэвшсэн байна. Тэдгээрийн дотор “Хуримын түүх” кино хамгийн олон буюу 6 төрөлд, найруулагч Мартин Скорсезегийн “Ирланд хүн” кино 5 номинацид, “Хоёр эцэг” кино 4 номинацид тус тус нэр дэвшжээ. Улмаар Netflix-ийн бүтээлүүд ердөө хоёр номинацид тэргүүлсэн байна. Богино хэмжээний киноны төрөлд HBO сувгаар 2019 онд дэлгэцнээ гарсан 5 ангитай “Чернобыль” цуврал тэргүүлжээ. Энэ бүтээл өнгөрсөн 9-р сард Эмми шагнал хүртсэн юм. Шилдэг киногоор Дэлхийн 1-р дайны тухай өгүүлэх найруулагч Сэм Мендесын бүтээл “1917” кино шалгарчээ. Телевизийн шилдэг драмаар “Өв залгамжлагчид” кино шалгарсан байна. Киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр Английн жүжигчин Фиби Уоллер-Бриж тодорсон бол эрэгтэй жүжигчнээр Жокер киноны гол дүрийг бүтээсэн Хоакин Феникс тодорчээ. Жүжигчин Рене Зелвегер “Жуди” кинонд тоглосон дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн драмын шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна. Түүнчлэн мюзикл болон инээдмийн төрлийн шилдэг эмэгтэй жүжигчнээр реппер Аквафина буюу Нора Лам тодорч, Алтан бөмбөрцөг шагналыг энэ төрөлд хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй болжээ. Мөн Хильдур Гудна-доттир нэр хүндтэй шагналыг шилдэг киноны саундтрекийн төрөлд хүртсэн анхны эмэгтэй болсон байна. Австралийн жүжигчин Рассел Кроу мини-сериалын төрөлд шилдэг жүжигчин болжээ. Элтон Жон болон яруу найрагч Берни Топин нар “Рокетмен” кинонд зориулан бичсэн дуугаараа киноны шилдэг дууны төрөлд “Алтан бөмбөрцөг” авсан байна. Гадаад хэл дээрх шилдэг киногоор Каннын кино наадмын шагналт, Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хо-гийн “Паразит” гэх бүтээл тодорчээ. Тэгвэл шилдэг хүүхэлдэйн киногоор “Алдагдсан омог” кино тодорч, “Тоглоомын түүх-4” болон “Frozen-2” сиквелуудыг ардаа орхиж, кино наадмын гол сюрприз болсон байна. 

REUTERS

REUTERS

REUTERS/GETTY IMAGES

REUTERS

GETTY IMAGES

GETTY IMAGES

GETTY IMAGES

REUTERS/GETTY IMAGES