Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улс орноо орхин гарлаа

Улс төр

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани ням гарагт улс орноо орхин гарчээ. Талибаны зэвсэгт бүлэглэл энэ амралтын өдрүүдэд нийслэл Кабул хот руу өргөн хүрээний дайралт хийж, хотод нэвтэрсний дараагаар Гани аюулгүйн үүднээс улсаа орхин явсан байна.

Афганистаны төрийн тэргүүн Талибын дайчид нийслэл хотод тулж ирсний дараагаар улс орноо орхин гарчээ. Энэ талаар Афганистаныг эвлэрүүлэх Үндэсний зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла мэдэгдэж, дээрх мэдээллийг баталжээ. Ингэхдээ тэрээр Ганиг Афганистаны ерөнхийлөгч асан гэж нэрлэсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Афганистаны ерөнхийлөгч эх орноо орхин явахаасаа өмнө төрийн тэргүүний суудлаасаа огцорч байгаагаа мэдэгджээ.

Афганистаныг эвлэрүүлэх Үндэсний зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла улсынхаа ерөнхийлөгчийг улс орон талибын дайчдад эзлэгдэн, нийслэл хот Талибаны бүлэглэлийн хяналтанд шилжихтэй зэрэгцэн эх орон, ард түмнээсээ урван, хувийн аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавин зугтсанд буруутгажээ. Ашраф Ганитай хамт түүний засаг захиргаанд ажиллаж байсан хоёр дээд албан тушаалтан, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь мөн эх орноо орхин гарчээ. Одоогоор тэднийг чухам аль улс орныг зорин явсан тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч Душанбег зорин ниссэн гэх мэдээлэл гарчээ.