Технологи

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани Японы зах зээлд нэвтэрч, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож байна. 

Xiaomi компани Японы зах зээлд хоёр төрлийн ухаалаг гар утсаа гаргахаар төлөвлөжээ. Эдгээр ухаалаг гар утаснууд нь 108 мегапиксель, өндөр чанартай камертай юм. Xiaomi компанийн гар утаснуудыг даваа гарагаас эхлэн Японд худалдаалж эхэлжээ. Түүнчлэн Xiaomi компани Японы зах зээлд зөвхөн ухаалаг гар утас төдийгүй мөн ухаалаг бугуйн цаг болон алсын удирдлагатай будаа агшаагч зэрэг гэр ахуйн цахилгаан бараа нийлүүлэхээр төлөвлөж байна. Xiaomi компанийн Зүүн Азийн бүс нутгийг хамарсан салбарын захирал Стивен Ван ярихдаа:- Өнөөдөр бид үйл ажиллагаагаа Японы зах зээл рүү тэлж байгаадаа ихэд баяртай байна. Ирэх оноос Япон улс 5G технологид шилжинэ. Тиймээс бид Японы хэрэглэгчдэд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохдоо таатай байх болно гэжээ. Хятадын Xiaomi компани өнгөрсөн жилд дэлхийн зах зээлд 119 сая ухаалаг гар утас нийлүүлсэн нь Samsung, Apple, Huawei-н дараа дэлхийн нийт зах зээлийн 8,5%-ийг эзэлсэн үзүүлэлттэй яваа юм.