Суданы Ерөнхий сайд албан үүрэгтээ эргэн орно

Улс төр

Суданд болсон цэргийн эргэлтийн улмаас эрх үүргээсээ хөндийрөөд байсан Ерөнхий сайд Абдулла Хамдук албан үүрэгтээ эргэн оржээ. 

Энэ талаар Суданы цэргийнхэн мэдэгдэж, Абдулла Хамдукийг албан тушаалд нь эргүүлэн оруулсан гэжээ. Ингэснээр Хамдук улс орондоо шинээр засгийн газар эмхлэн байгуулах юм. 

Ерөнхий сайд Абдулла Хамдукийг албан үүрэгт нь эргүүлэн оруулах шийдвэрийг Суданы улс төрчид болон цэргийнхэн хамтарсан уулзалтынхаа үеэр гаргажээ. Энэ талаар Суданы армийн генерал Абдель Фаттах аль Бурхан ням гарагт мэдээлсэн юм. Түүнчлэн энэ шийдвэртэй зэрэгцэн Суданд улс төрийн хоригдлуудыг суллах, цаашлаад улс орондоо тогтоогоод байгаа онцгой байдлын дэглэмийг сулруулах зэрэг алхам үе шаттайгаар авахаар тогтжээ.

Суданд улс төрийн чухал шийдэлд хүрснийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дэмжиж, Суданы иргэдийн энхийн жагсаал цуглаан хийх эрхийг хамгаалж, Суданы засгийн эрхэнд ерөнхий сайд Хамдукийг эргүүлэн томилох, иргэний шилжилтийн түр засгийн газар байгуулах, мөн цэргийн эргэлтийг эсэргүүцсэний төлөө хоригдсон хүмүүсийг суллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэжээ.

Суданд 2019 онд ерөнхийлөгч Омар аль Баширыг буулгасны дараа энэ улсыг цэргийнхэн болон иргэний засаг захиргаа ээлжлэн тэргүүлсээр ирсэн юм. Суданд 10-р сарын 25-нд цэргийнхэн ерөнхий сайд Хамдук болон засгийн газрын зарим гишүүдийг баривчлан гэрийн хорионд авч, улмаар улс орондоо онцгой байдал тогтоон, армийнхан засгийн эрхийг хяналтандаа аваад байжээ. Суданы цэргийнхэн улсынхаа засгийн эрхийг гартаа авч, засгийн газраа тараасныг Барууны улс орнууд эсэргүүцэн, АНУ энэ улсад үзүүлж байсан эдийн засгийн тусламжаа зогсоосон юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Суданд энэ улсын ардчиллыг дэмжигч хүчнүүдийн жагсаал цуглаан тасралтгүй үргэлжилсээр байжээ.