Технологи

Америкийн Boeing компани 737 Max загварын онгоцоо дахин шинээр туршиж эхэллээ. Энэ загварын онгоцыг Индонези болон Эфиопт болсон хоёр ч томоохон ослын улмаас агаарын нислэгт ашиглахыг нь зогсоогоод байсан юм.

Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компани 737 Мах загварын нисэх онгоцны нислэгийн аюулгүй байдлын туршилт явуулж байгаа юм. Туршилтыг Америкийн Вашингтон мужид явуулж, 3 хоног үргэлжлэх гэнэ. Boeing туршилтаа Холбооны Иргэний агаарын тээврийн албатай хамтран явуулж, энэ албаны тэргүүн Стивен Диксон 737 Мах загварын онгоцны аюулгүй байдлыг шалган тогтоохын тулд онгоцонд биечлэн сууж, туршилтын нислэгэд оролцоно гэдгээ мэдэгджээ.

Туршилтыг 3 хоногийн хугацаатайгаар Boeing компанийн нисэх болон техникийн албаны мэргэжилтнүүд явуулах юм.

Өнгөрсөн хугацаанд Boeing 737 Max загварын онгоцны хоёр ч томоохон осол болж, 2019 оны 3-р сарын 10-нд Эфиопийн иргэний агаарын тээврийн Аддис Абеба-Найроби чиглэлийн онгоц осолдсоноос 157 хүн амиа алдсан бол 2018 оны 10-р сарын сүүлээр Индонезийн Lion Air компанийн Boeing онгоц Жакарта хотын нисэх буудлаас хөөрөөд Яваны тэнгисийн уснаа осолдож, 189 хүн золгүйгээр амиа алдсан юм.

Улмаар өнгөрсөн оны хавар Boeing 737 Max загварын онгоцыг иргэний агаарын тээвэрт ашиглахыг зогсоогоод байжээ. Ослын шалтгааныг тогтоохоор ажилласан мэргэжилтнүүдийг дүгнэлтээр Boeing 737 Max загварын онгоцны хяналтын системд доголдол үүссэнээс осолдсон байна. Тиймээс Boeing компани энэ төрлийн доголдлыг арилгахад голчлон анхаарч ажиллажээ. Хэрвээ туршилт амжилттай болбол энэ оны сүүлчээр 737 Max загварын онгоцыг эргэн ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.