Мали улсад Францын сэтгүүлч барьцаалагджээ

Үйл явдал

Баруун Африкийн Мали улсад Францын сэтгүүлч бусдад хулгайлагдан барьцаалагдсан байна. Сэтгүүлч Оливье Дюбуа Аль Каида бүлэглэлтэй холбоотой алан хядагч жихадын дайчдын гарт барьцаалагдсан тухайгаа мэдэгдэж байгаа бичлэг интернэтэд тавигдсаны дараа энэ тухай олон нийтэд ил болсон байна.

Малид Францын сэтгүүлч барьцаалагдсан талаар “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага мэдээлж, улмаар энэ мэдээллийг Францын гадаад хэргийн яам баталжээ. Францын засгийн газрын албаны төлөөлөгч Габриэль Атталийн мэдээлснээр улсынх нь тусгай албад дээрх бичлэгийг шалгаж эхэлжээ. Оливье Дюбуа өнгөрсөн 4-р сарын эхээр Малигийн Гао хотод сураггүй алга болжээ. Тэрээр энд орон нутгийн салан тусгаарлах бүлэглэлийн удирдагчдын нэгтэй ярилцлага хийж байхдаа бусдад барьцаалагдсан байж болох гэнэ. Францын терроризмтай тэмцэх Үндэсний алба энэ хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.