Винни Пух цувралд зориулсан дурсгалын зоосон мөнгө гаргажээ

Энтертэйнмент

Хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатар болох Винни-Пух болон түүний найзуудын тухай зохиолын 95 жилийн ойг угтан Их Британид дурсгалын зоосон мөнгө гаргажээ. Винни Пухын тухай үлгэрийг Английн зохиолч Алан Милн 1926 оны 10-р сарын 14-нд анх хэвлүүлж, энэ өдрийг Винни Пухын мэндэлсэн өдөр гэж тооцдог байна.

Английн хатан хааны дэргэдэх мөнгөний ордон Винни Пухын тухай шүлэг зохиол мэндэлсний 95 жилийн ойд зориулан дурсгалын зоосон мөнгө гаргахаар шийджээ. Зохиолч Алан Милны үлгэрийн баатрыг зураач Эрнест Шепард амилуулан зурсан эх зургаар нь зоосон мөнгө гаргажээ. Дэлхийн хүүхдийн сонгодог бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг Винни Пухын тухай  зохиолыг, хүүхэлдэйн киног хүүхэд бүр сайн мэддэг.

Винни нэртэй бяцхан бамбарууш түүний үнэнч анд нөхөд нь болох бяцхан ягаан гахай, шар шувуу, Иа-Иа илжиг, туулай, бар, бяцхан Ру, Кенги, мөн Кристофер Робин хүү зэрэг зохиолын баатруудыг 9 төрлийн алт, мөнгө, бусад бусад өнгөт металлаар 50 пенсийн зоосон мөнгө болгон хэвлэжээ. Винни Пух үлгэр мэндэлсний 95 жилийн ойд зориулсан дурсгалын зоосон мөнгийг пүрэв гарагт олон нийтэд танилцуулан, энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Дурсгалын зоосон мөнгөний загварыг Өмнөд Уэльс дэх хатан хааны мөнгөний ордны дизайнер Дэниел Торн гаргажээ. Өмнө нь мөнгөний ордон хүүхдэд зориулсан зохиолын баатрууд болох Питер туулай, Харри Поттер, Паддингтон бамбарууш, мөн Алиса гайхамшгийн оронд бүтээлд зориулан дурсгалын зоосон мөнгө гаргаж байжээ.