Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНЭУ-д төрийн айлчлал хийлээ. Ерөнхийлөгч Баттулга айлчлалынхаа үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Натх Ковинд болон ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзан, хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн хамтарсан мэдэгдэл гаргасан юм.

Түүнчлэн ерөнхийлөгч Баттулга Энэтхэг улсад айлчлах үеэрээ энэ улсын сансар судлалын байгууллагад зочилсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр Энэтхэгийн талтай хамтран ажиллах тухай хэлэлцээрт нэгджээ.

Мөн Энэтхэгийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай хандаж байгаагаа илэрхийлэн, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь цаашдын хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаанд эерэг нөлөөтэй болохыг тэмдэглэжээ.

Талууд уулзалтаар манай хоёр улсын соёл, шашны харилцаа, урлаг спортын арга хэмжээгээр дамжуулан иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.