Энэтхэгийн мужуудад хөл хорионы дэглэмийг чангатгаж байна

Ковид-19 /дэлхий/

Энэтхэгт цар тахлын дэгдэлт өндөр хэвээр байна. Сүүлийн 24 цагийн байдлаар энэ улсад цар тахлын 379 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 3,600 хүн нас баржээ.

Тэрбум 300 сая хүн амтай Энэтхэг улсад цар тахлын мутацид орсон хувилбар дэгдэж, коронавируст халдвар гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. ДЭМБ-ын мэдээлэлд дурьдсанаар сүүлийн 7 хоногт дэлхийн улс орнуудад шинээр 5,7 сая халдварын тохиолдол бүртгэгдсэний 38%-ийг Энэтхэг улс эзэлж байна. Энэтхэгийн эмч мэргэжилтнүүд амрах завгүй ажиллаж, цар тахал туссан иргэдээ эмчилж байгаа ч халдварын тохиолдол буурахгүй байгаа юм.

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод нөхцөл байдал хамгийн хүнд байсан бол одоо энэ улсын бүхий л газар нутгийг хамраад байна. Мадхья Прадеш мужийн эрх баригчид 5-р сарын 7-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоож, Жамму Кашмирт 11 бүсэд хөл хориог чангатгажээ. Түүнчлэн Бихар муж хөл хорионы дэглэмийг чангатган, шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг бүрэн хоригложээ. Картанака мужид мөн хөл хориог чангатган, дотоодын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.