Технологи

Оросын Наука сансрын модуль ОУСС-тай амжилттай залгагджээ. “Протон-М” пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар Байконур дахь станцаас энэ сарын 21-нд хөөрсөн “Наука” буюу шинжлэх ухаан гэсэн нэртэй олон үйлдэлт лабораторийн модуль зорьсон өндөртөө гарч, ОУСС-тай горимын дагуу залгагдсан байна.

Наука модулийн тусламжтайгаар биологи, физик болон шинжлэх ухааны бусад салбарт туршилт судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдэх юм. Энэхүү модуль нь ОУСС-ын үндсэн хэсэгт залгагдаж байгаа сансрын 15 дахь модуль болжээ. Гэхдээ 2010 оноос хойш саяхныг хүртэл ОУСС-ын Оросын хэсэгт нэмж аппарат залгаагүй байсан юм. Наука нь Оросын сансрын агентлагийн сүүлийн 11 жилийн хугацаанд ОУСС руу илгээсэн анхны модуль болжээ.

Наука нь 13 метрийн урттай, 4,25 метрийн диаметр бүхий 20 тонн жинтэй сансрын аппарат юм. Өнөөдөр ОУСС-ын Оросын талын сегмент нь нийт 5 модулиас бүрдэж байгаа юм. Эдгээрээс “Наука” нь станцын хамгийн хүнд модуль болох гэнэ.