Дэлхийн уур амьсгалын загварчлалын судалгааны ажилд Нобелийн шагнал хүртээжээ

Технологи-360

Шведын хатан хааны шинжлэх ухааны академи 2021 оны Нобелийн физикийн салбарын шагналтнуудыг нэрлэлээ. Шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй шагналыг энэ жил Америкийн эрдэмтэн Сюкуро Манабэ, Германы эрдэмтэн Клаус Хассельман болон Италийн эрдэмтэн Жоржо Паризи нар хүртсэн байна.

Шведын хатан хааны шинжлэх ухааны академи тэдний дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх физик загварчлал, мөн тоон дүн шинжилгээ, дэлхийн дулаарлын талаарх урьдчилан таамаглалын судалгааны ажлыг үнэлж, нэр хүндтэй шагнал олгожээ.

Нобелийн физикийн салбарын шагналыг олгохдоо Манабэ болон Хассельман нарын дэлхийн уур амьсгалын физик загварчлал болоод цаг агаарын дулаарлыг таамаглах судалгааг өндрөөр үнэлж, Паризигийн “атомоос эхлэн гариг ертөнцийн түвшний” нарийн төвөгтэй системийн судалгааны ажлыг онцлон дурьджээ. Нобелийн салбар хорооны мэдээлэлд эрдэмтдийн судалгааг ийнхүү үнэлсэн байна.

Нобелийн 2021 оны физикийн салбарын шагналтнуудыг тодруулахаас өмнө уламжлал ёсоор анагаах ухаан-физиологийн салбарын шилдгүүдийг тодруулан нэрлэсэн бол удахгүй химийн салбарын шагналтнууд, цаашлаад утга зохиол, энхтайвны үйл хэргийн төлөөх Нобелийн шагналтнуудыг мөн дэс дараалан нэрлэх юм.