Шар мэдээ

МУГЖ Ж. Уранчимэг Монголын эстрадын урлагт зүтгэсний 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо хийхээр тун ч завгүй байгаа сурагтай. Түүний тоглолт хоёрхон өдрийн дараа "Улаанбаатар" паласын концертын их танхимд болно.

Тэрбээр уран бүтээл, зан ааль, тусч сайхан сэтгэлээрээ олон түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн цовоо цолгиун, цог жавхаатай дуучин... МУГЖ Ж. Уранчимэг өнгөрсөн хугацаанд их урлагт зүтгэхийнхээ хажуугаар олон арван хүнд баяр баясал, итгэл найдвар, аз жаргалыг бэлэглэсэн хүмүүнлэгийн олон сайхан ажил хийж байсныг түүний фэнүүд гэлтгүй Монгол түмэн сайн мэдэх биз ээ. Тэрбээр 19-хөн насандаа урлагийн их ертөнцөд хөл тавьж байсан бол өдгөө 40 жилийн нүүрийг үзэж, сонсогч, үзэгч олноо дуу хуураар баясгаж яваа нэгэн. Энэ ч утгаараа тэрбээр 40 жилийн ойн тоглолтондоо ихэд ач холбогдол өгч байгаа сурагтай. Тоглолтоо зүгээр ч нэг хийсэнгүй. Тоглолтынхоо үеэр бас нэгэн сайн үйлс хийхээр болжээ. Дуучин Ж. Уранчимэг өрх толгойлсан 5 ээжид өргөө цагаан гэр бэлэглэж байгаа гэнэ шүү.