Шар мэдээ

Хүртээмжтэй, илчлэг сайтайг нь бодож цуйван хийхээр шийдэцгээжээ. Бүх хүнд хүрэлцээтэй хоол хийхээр олон хоног ажилласан тэд нийт хэдэн кг жинтэй цуйван болсныг нь тооцож үзсэн гэнэ. Зарим нь хэдэн гурил элдснээ ч тоолсон сурагтай. Хамгийн гол нь залуусын сэтгэл шингэсэн цуйван ядарч, өлссөн олон хүнийг гэдсийг цатгасан гэнэ лээ. 

Сайхан сэтгэлээрээ жигүүр хийсэн, ёстой л тэнгэрийн элч гэмээр өгөөмөр үйлстэнгүүд "Мөрөөдөл" гэх группт нэгддэг. Тэд гунигтай нүдэнд жаргал авч ирдэг шидтэнгүүд... Ядарч туйлдсан, гуньж гутарсан, өвдөж ядарсан, өнчирч хоцорсон... гээд жаргал, баясал, хайр, халамж дутсан газар бүхэнд очдог. 

Халуун хоол, дулаан хувцас, орон гэр...бүгдийг тэд дэм дэмэндээ бий болгодог. Мөрөөдөл группийн хийсэн сайн үйлсийг тоолж баршгүй... Хэдхон хоногийн өмнө энэ группийн сайхан сэтгэлт хүмүүс 1000 цуйвангийн аян зохион байгуулж, 1000 хүнийг хооллож, баярлуулсан сурагтай. Цахим орчинд тэдэнд баярлаж талархсан хүмүүс цөөнгүй харагдсан шүү... Тэд цуйвангийн аянг өрнүүлэхээр хэдэн өдөр эрвийж дэрвийхээрээ л зүтгэсэн гэнэ. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй л хоолны гурил, мах, ногоо бэлтгэж харагдсан. Хэн нэгэнд тус хүргэж, тусламж авсан хэн нэгэн чин сэтгэлээсээ баярлахыг харах нь Мөрөөдлийнхний мөрөөдөл гэлтэй...