Шар мэдээ

Өөрийгөө ялан дийлж, дэлхийн нийтэд үлгэр дууриал болсон хүмүүс олон бий. Тэгвэл өнөөдрөөс Гантулга хэмээх монгол залуугийн нэр Ази тивд цуурайтаж эхэллээ. Энэ залуу бол бодибилдингийн тамирчин. Хамгийн их тэсвэр тэвчээр, шантрашгүй дүрэм журам, дэглэмийг өөртөө тогтоон байж амжилтанд хүрдэг спорт. Гэхдээ тэр жирийн нэгэн биш. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй. Хүнд хэцүүг даван туулсан түүнийг Азийн бодилбилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчид алга ташин босч хүндэтгэл үзүүлсэн гэнэ. 

53 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнд Индонезэд болж байгаа. Энэ тэмцээнд Монгол улсаа төлөөлж 7 тамирчин оролцож байгаа сурагтай. Тэдний нэг нь Мөнхсүрэнгийн Гантулга гэх залуу. Тэрбээр Дорноговь аймагт амьдардаг. 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаасаа ирж оролцоод тусгай ангилал буюу хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан ангилалд алтан медаль хүртсэнээр ААШТ-нд оролцох болзлоо хангасан. Тамирчин М. Гантулга саад, бэрхшээлээ даван туулж, тогтмол дасгал сургуулилт хийснээр хөл дээрээ баттай зогсож, тэр ч бүү хэл Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна хэмээн тамирчид болон түүнийг таньж мэддэг хүмүүс тун ч их баярлаж, бахархаж байгаа гэнэ. М.Гантулга энэ удаагийн тэмцээнд хүссэн амжилтандаа хүрээгүй ч тусгай байр эзэлжээ. Гэхдээ тэрбээр Монгол Улсаа төлөөлж пара бодибилдинг төрлөөр олон улсын тэмцээнд оролцож, Монгол Улсын бодбилдинг фитнессийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн гавъяатан юм.