Ковид-19

Ковид-19 коронавирусийн халдвар өнөөдрийн 11 цагийн албан ёсны мэдээллээр дэлхийн 165 улсад бүртгэгдээд байна. Европын бүс нутагт 24 цагийн дотор шинээр 8 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 3100 гаруй хүн нас барлаа. Харин манай улс хамаарах Номхон далайн бүс нутагт өвчний халдвар 289-өөр нэмэгдэж 3 мянга 300 гаруй хүн амь насаа алдаад байна. Дэлхийн дахинд энэ өвчний халдвар 179 мянгад хүрлээ. Ингээд үзэгч танд дэлхийн улс орнуудын өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе.

ИТАЛИЙН ЛОМБАРДИ МУЖИД ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ОР ХҮНЭЭР ДҮҮРЛЭЭ

Европын бүс нутаг ковид-19 халдварын голомт болоод байна. Ялангуяа Итали улсад өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, нас баралт ч өдөр бүр өссөөр байгаа юм. Италийн 10 гаруй сая хүн амтай Ломбарди мужид хоногийн дотор 345 хүн нас барж халдварын улмаас амиа алдсан хүний 2500 даваад байна. Энэ улсын эмч нар байдал улам хэцүүдэж, иргэддээ тусламж үзүүлж чадахгүй харсаар байгаад үхүүлж байгаагаа ч сошиал орчинд бичсэн түгшүүрийг улам нэмлээ. Сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бага зэрэг буурсан ч эмнэлгийн ор хүрэлцэхгүй хэвээр байна. Бергамо хотод гэхэд л эрчимт эмчилгээний тасгууд нь хүнээр дүүрч орны хүрэлцээ дуусчээ. Өөрөөр хэлбэл хүндээр өвчилж ирсэн иргэдээ хүлээн авах газаргүй болж байгааг Ломбарди муж мэдээлсэн байна.  Италид шинэ халдварын хувьд өмнөх өдрөөс 12.6 хувиар нэмэгдсэн байгаа ч өмнөх өдрүүдтэй харьцуулбал хамгийн бага түвшинд нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

ГЕРМАН УЛС ИРГЭДДЭЭ ГАДААД УЛСАД ЗОРЧИХ АМЬ НАСАНД АЮУЛТАЙ ГЭЖ АНХААРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс иргэддээ өөрийн амьдарч байгаа бүс нутгаас өөр газар зорчихгүй байх заавар өгч эхэллээ. Ингэж явах нь амь насанд шууд аюултай гэдгийг анхааруулсан байна. Яг ийм зааврыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс өвчний тархалт ид дэгдэж байх үед иргэддээ өгч байсан юм. Германы хувьд шинэ халдварын тоо 2 мянгаар нэмэгдэж, 9 хүн нас барлаа. Ингэснээр халдварын бүртгэлээр Италийн дараа бичигдэж байна. Энэ улсын өвчни хяналт  сэргийлэлтийн төв болох Роберт Кохын  институт  эрсдлийн үнэлгээ дахин хийж эрсдлийг "Өндөр" болгон нэмэгдүүллээ. Өнөөдрийн байдлаар Германд 500 гаруй хүн халдварын улмаас эмнэлэгт байна. Ойрын өдрүүдэд халдварын тоо 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээллээ.

АНУ-ЫН БҮХ МУЖИД КОВИД-19 БҮРТГЭГДЛЭЭ

Өнгөрсөн 24 цагт Америкийн Нэгдсэн Улсын вирус бүртгэгдээгүй байсан цорын ганц муж баруун Виржиниад тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр энэ улсын 50 муж бүхэлдээ вирусын халдвартай болж байна. Ерөнхийлөгч Трамп үндэсний хэмжээний онц байдал зарласан бол муж бүр өөрсдийн шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Тухайлбал Калифорниа муж сургууль цэцэрлэгийн 98 хувьд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байна. Ингэснээр энэ мужид 6.1 сая хүүхэд карентилагдаж гэртээ байх юм. Мужийн захирагч сургуулийн үйл ажиллагааг хэдэн долоо хоногт нээхгүй гэдгээ ч мэдэгдлээ.

БЕЛЬГИ УЛС ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО  

Бельги Улсад үндэсний хэмжээний хөл хорио тогтоолоо. Иргэдийг зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахгүй байхыг сануулсан байна. Энэ хугацаанд эмнэлэгт хандах, хүнсний дэлгүүр орох, шатахуун түгээх газар, шуудан болон банкны үйлчилгээ авах, мөн яаралтай тусламж шаардлагатай хүмүүст туслах зорилгоор гэрээсээ гарахыг зөвшөөрөх юм. Өвчний голомт болж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улс өвчний тархалт хумигдсан. Одоо гадаадаас ирж буй зорчигчдоор зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэх болжээ. Тийм учраас гадны иргэдийг 14 хоног тусгаарлах, тэдний хяналтыг чангатгасан байна.